
Аскот бол XIX зууны үед бий болсон, торгомсог, нимгэн материалаар хийсэн, хувцсан дээр, эсвэл хүзүүгээ сулхан ороож зангиддаг крават зангианы нэг төрөл юм.
Ур ухаан шаардсан урлагийн бүтээл гэж ч болох аскот зангиа өнөөгийн төгс төгөлдөр шинжээ олтол загварын ертөнцөд олон жилийг элээсэн юм. Зангиаг таашаан хэрэглэдэг хэн бүхэн аскот зангиаг өнөө цагийн зангианы өвөг хэмээн үзэхийн зэрэгцээ тэртээ олон зууны өмнө эрчүүд хүзүү орчимоо торгон эдлэлээр сулхан ороож гоёж эхэлсэн тэр нэгэн өдрүүдэд талархалтай ханддаг нь гарцаагүй билээ.
Аскот зангиа Хатан хаан Аннийн үндэслэсэн морин тойруулгын түүхтэй салшгүй холбоотой. Моринд дуртай Хатан хаан Анне олон арван сайн үүлдрийн морь эзэмшиж, үржүүлдэг байсан бөгөөд хатан хааны энэ сонирхол нь гэр бүлийнхэнд нь ч нөлөөлжээ. 1711 онд Хатан хаан Анне Английн Беркшир дахь Аскот хэмээх газар морин тойруулгаа байгуулж, үүнээс хойш Их Британийн төр барьсан 11 хаан, хатан хаад уг тойруулгын үйл ажиллагааг таслалгүй авч явжээ. Уг морин тойруулгыг өнөөг хүртэл Хааны гэр бүл эзэмшдэг бөгөөд хатан хааны гэр бүл, ордны дээдсүүд, язгууртнууд оролцдог “Рояал Аскот” хэмээх морин уралдааны арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм.

Рояал Аскот хурдан морины шандас сорьсон уралдаан төдий биш юм. Ёслолын жагсаал, төрийн дуулал, ордны дэг жаяг бүхий хүндэтгэлийн арга хэмжээ, хааны гэр бүл, язгууртнууд, уригдан ирсэн зочдын албан болон албан бус гоёмсог, тансаг сайхан хувцаслалт нь энэ арга хэмжээг ер бусын, дээд зэрэглэлийн болгодог ажээ. “Рояал Аскот” нь Хааны гэр бүл төрийн болон ордны завгүй амьдралаас түр ч болтугай хөндийрөх нэг боломж төдийгүй хувцас загварын гайхамшгийг мэдрэх чухал мөч юм. Чухам энд л бидний яриад байгаа аскот зангиа бүтээгдэж, арилжаа, солилцоо нь ч бий болсон.

“Рояал Аскот” дөрвөн үзвэрийн талбайд зохион байгуулагддаг бөгөөд эдгээр тус бүр нь зочид, оролцогчдоосоо хамааран өөр өөрийн онцлог бүхий хувцаслалтын код буюу дресс кодыг баримталдаг ажээ. Тухайлбал, зөвхөн хааны гэр бүл болон тэдний ойрын хүрээлэл, өндөр зэрэглэлийн зочид оролцдог, хаалттай хэсэг болох Рояал үзвэрийн талбайд зочид болон оролцогчид хувцасны төрөл, өнгө, хэмжээ заасан хамгийн хатуу, албаны дресс кодыг сахина. Харин олон нийтэд нээлттэй байдаг Хатан хаан Аннийн талбайд Рояал үзвэрийн талбай шиг хатуу биш ч албаны хувцаслалтын дресс код баримталдаг бол, Тосгоны талбай болон Виндсор талбайд албаны хэрнээ харьцангуй өргөн сонголттой хувцаслалтын код баримталдаг байна.
Аскот зангианы нэр нь дээр дурдсанчлан Английн Беркшайрийн Аскот хэмээх хотоос гаралтайг та төвөггүй таасан байх. Аскот уралдааны үед уралдаанд ирсэн язгууртан эрчүүд хэрэглэдэг байсан аскот зангиа нь өдөр тутмын гэхээсээ илүүтэйгээр гоёлын шинжтэй байлаа. Аскот зангиаг нарийн торгон материалаар хийдэг байсан тул эрчүүд зангиагаа салхинд хийсчихээс сэргийлж хавчаар хатгаж зүүдэг байжээ.

1800-гаад оны дунд үеэс Английн аж үйлдвэрийн хөгжлийн суурь тавигдаж, эрчүүд ч үйлдвэрийн газруудад ихээр ажиллах болж, үүнийг дагаад дундаж давхаргынхан ч бэхжиж эхэлжээ. Энэ үеэс аскот зангиа Британи даяар эрчүүдийн дэлгүүрт зарагдах нь энгийн үзэгдэл болж, загварлаг, сайхан хувцасладаг жирийн эрчүүдийн гоёл гангарааны нэг хэсэг болсон юм. Торгоор хийсэн аскот зангиа тансаг, зүүхэд илүү их эвтэйхэн, сул чөлөөтэйгөөрөө эрчүүдийн таашаалд нийцэж байв.
XX зууны дунд үед аскот зангиаг кино одод, урлагийнхан зэрэг олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүс хүрэмгүй, эсвэл энгийн хүрэмний хамтаар албан бус үйл ажиллагаан дээр эсвэл өдрийн цагаар зохиогдох хагас албан ёсны уулзалт дээр зүүж байжээ.

Гольфонд дурлагсад хүзүүгээ дулаахан байлгахын зэрэгцээ загварлаг дэгжин харагдах гэж аскот зангиа зүүдэг байв. Загварлаг, жентлмен эрчүүд зүлгэн дээр ч гоё ганган харагдах ёстой шүү дээ. Виндсорын гүн Эдвард буюу Эдвард хаан хааны эзэмшлийн газар гольф тоглохдоо үргэлж аскот зангиа зүүдэг байжээ.

1960-аад оны сүүлчээр өсвөр насныхан аскотыг загварын эргэн ирж буй урсгалын нэгэн тренд хэмээн зүүх болсон байдаг. Өнөөдөр аскотыг албаны хувцаслалтын нэгэн хэсэг болгож хэрэглэхийн зэрэгцээ өдөр тутмын энгийн хувцаслалтанд ч сонгож байна. Жилээс жилд аскот зангиа хэрэглэх явдал загвар, хээнээсээ хамааран дэгжин харагдах хувцаслалтын зайлшгүй нэгэн хэсэг болж дэлгэрсээр байна. Жижигхэн хээтэйг илүү албан ёсны хувцаслалтад хэрэглэж байгаа бол харин том хээтэйг өдөр тутмын болон ёслол, арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдлын үеэрх хувцаслалтанд ашиглах болжээ.
